Цахилгаан гүйдэл хүний бие организмд аюултай болох нь
Цахилгаан гүйдэл хүний бие организмд аюултай болохыг XVIII зууны сүүлчийн 25 жилд цахидгаан химийн өндөр хүчдэлийн үүсгүүрийг зохион бүтээгч В.В.Петров анх тогтоожээ. Харин цахилгааны осолыг түнээс бүр хожим 1863 онд тогтмол гүйдлийн, 1882 хувьсах гүйдлийн осолыг тус тус бүртгэжээ.
Цахилгааны осол гэж цахилгаан гүйдэл эсвэл цахилгаан нумын үйлчлэлээр үүссэн осолыг хэлнэ. Цахилгаан осолын онцлог нь цахилгаан гүйдэл, хүчдэлийн аюулыг хүний организмд зайнаас мэдэрч тодорхойлох чадваргүй зөвхөн хүчдэлд өртөж гүйдэл дамжсан хойно нь буюу осолд орсон хойноо аюулыг мэдрэх явдал юм. Цахилгааны осол үйлдвэрлэлд гарсан нийт ослын дотор багахан (4-5%) хэсгийг эзэлдэг боловч ихэвчлэн хүнд, амь үрэгдүүлсэн осол байдгаараа бусад ослоос онцлог юм.
Хүн цахилгаан гүйдэлд дараах шалтгааны улмаас өртдөг:
· Гүйдэл дамжуулах нүцгэн хэсэгт хүрсэн
· Тоног төхөөрөмжийн тусгаарлал гэмтсэний улмаас хүчдэлтэй болсон
· Металл хэсэгт хүрсэн
· Хүчдэлтэй болсон металл биш хэсэгт хүрсэн
· Алхамын хүчдэлд өртсөн
· Цахилгаан нумын гүйдэл өртсөн
Цахилгаан гүйдэл хүний организмаар дамжиж түүнд дулааны, электроникийн, биологийн болон механик гэсэн дөрвөн төрлөөр үйлчлэл үзүүлдэг.
Дулааны үйлчлэл нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр биеийн зарим хэсэгт, мэдрэлийн эд эсүүд халах, түлэгдэх, нүүрсжих зэрэг болно.
Электроникийн үйлчэл нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр хүний биеийн органик шингэн, тухайлбал цус электрлизд орж задрах явдал юм.
Биологийн үйлчлэл нь цахилгаан гүйдлийн улмаас организмын амьд эд эс, булчин цочрох, дотоод биоцахилгаан процесс зөрчилдөх явдал юм.
Механик (динамик) үйлчлэл нь мэдрэлийн судал, судас, арьс тасарч язрах, үе мултрах, яс хугарах зэрэг юм.
Хүн цахилгаан гүйдэлд өртөх байдлыг ерөнхийд нь цахилгаан гэмтэл, цахилгаан цохиулах гэж хоёр бүлэг болгон хуваадна.
Цахилгаан гэмтэл гэдэг нь цахилгаан гүйдэл болон цахилгаан нумын үйлчлэлээр организмын эд эсүүд гэмтэж, бэртхийг хэлнэ. Цахилгаан гэмтэл нь түлэгдэлт, цахилгаан тэмдэг үүсэх, арьс металлжих, механик гэмтэл гэсэн хэлбэртэй байна.
Цахилгаан түлэгдэлт нь хүний биеэр 1 А-аас илүү хүчтэй гүйдэл дамжсан үед биеийн эдийн халалтаас үүсдэг. Түлэгдэлт нь арьсны гадаргууг гэмтээсэн гадаргын, биеийн эдийн дотоод хэсгийг гэмтээсэн гүний, мөн үүссэн нөхцөлөөрөө нумын, гүйдлийн (эсвэл контактийн), хосолсон түлэгдэлт гэж байдаг.
Цахилгаан тэмдэг үүсэх гэдэг нь цахилгаан гүйдэлд өртсөн хүний арьсны гадаргуу дээр саарал эсвэл бүдэг шар өнгийн дугуй, эсвэл зууван хэлбэртэй 1-5мм хөмжөөтөй толбо үүсдэг. Зарим тохиолдолд шарх, маажуулсан буюу зүсэгдсэн юм шиг эсвэл аянгын хэлбэртэй ч байдаг. Цахилгаан тэмдэг нь өвчин зовиургүй бөгөөд яваандаа арилна.
Арьс цахилгаанаар металлжих гэдэг нь цахилгаан нумын нөлөөгөөр үүссэн металлын ууршсан эгэл хэсгүүд хүний арьсны гадаргууд үйлчилж уг металлын өнгөөр нэвчихийг хэлнэ. Арьс металлжих нь бага зэрэг зовиуртай боловч аюулгүй, яваандаа эдгэрч арилдаг. Харин нүд ингэж металлжих нь аюултай юм. Тиймээс цахилгаан тоног төхөөрөмж дээр ажилладаг ажилтан нүдний хамгаалам шил хийх шаардлагатай.
Механик гэмтэл гэдэг нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр амьд эд цочирч булчин огцом агшиж арьс язрах, задрах, судас, мэдрэлийн судал тасрах, үе мултрах, яс хугарах зэрэг механик гэмтэл үүсэх юм. Мөн цахилгаан нумын ультра ягаан туяаны нөлөөгөөр нүд үрэвсэх (электроофтальмия) явдал тохиолдоно.
Цахилгаанд цохиулах гэдэг нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр амьд эд цочирч булчин өөрийн эрхгүй татвалзан агших улмаар зүрх, уушиг, төв мэдрэлийн систем зэрэг эрхтэн, системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж бүх организмд аюул учрахыг хэлнэ. Цахилгаанд цохиулахыг түүний хүнд хөнгөн байдлаар дараах 5 зэрэгт ангилж болно:
· Булчингийн мэдрэгдэх төдий таталдсан агшилт
· Ухаан алдахгүй боловч тэсвэрлэсэх бэрх өвдөлт үүсгэх булчингийн таталдсан агшилт
· Амьсгал, зүрхний үйл ажиллагаа хадлагагдах боловч ухаан алдах булчингийн таталдсан агшилт
· Амьсгал, зүрхний үйл ажиллагаа алдагдаж ухаан алдах
· Клиникийн үхэл.
Клиникийн буюу “хуурмаг” үхэл гэдэг нь амьдралаас үхэлд шилжих шилжилтийн үе. Клиникийн үхлийн шинж тэмдэг нь амьсгал зогссоноос тархины бор давхрага хүчил төрөгчийн дутагдалд орж хүүхэн хараа эрс тэлж томрон гэрэл мэдрэхгүй, зүрх зогссон буюу зүрхний фибрилляц болсноос судас лугшихаа болино. Энэ байдал 6-8 минут үргэлжлэх ба уг хугацаа дуусахад тархины бор давхрагын эс үхэн амьдрал дуусч биологийн үхэлд хүрнэ.
Зүрхний фибрилляц гэдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас зүрхний цохилтын хэвийн хэмнэл алдагдаж зүрхний булчингийн олон ширхэг эмх замбараагүй давтагдан таталдсан байдалд орохыг хэлнэ. Ийм таталдсан давтамж нь минутанд 500-700 удаа байдаг ба хэвийн хэмнэлтийнхээс даруй 10 гаруй дахин ихэсч цус шахахаа болино. Энэ нь үхэлд хүргэх аюултай.