Хөдөлмөрийн нөхцөл- Хөдөлмөрлөх явцад ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлийн нийлбэрийг хөдөлмөрийн нөхцөл гэнэ.
Хэвийн нөхцөл - Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ.
Хэвийн бус нөхцөл - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг хэвийн бус нөхцөл гэнэ.
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйл - Ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангагдаагүйгээс ажилтан хордох, халдвар авах, хэт халууцах буюу даарах, биеийн хүчний болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалалд орох, биеийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, бүтэц зүй хямрах, ядрах, хөдөлмөрлөх чадвар алдагдах улмаар амь насанд аюул учруулах хүчин зүйлс
Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийг үйлдвэрлэлийн хортой ба аюултай гэж ангилна.
Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл- Ажилтны эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх буюу ажиллах чадварыг бууруулах, зарим тохиолдолд тэдний үр удамд нөлөөлөх уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйл.
Химийн хүчин зүйл - Ажлын байрны бичил орчинд орших янз бүрийн химийн бодисууд амьсгал, хоол боловсруулах эрхтэн, арьс салстаар хүний биед нэвтрэн орж, эрхтэн тогтолцоо, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгт нь цочроож, харшил, хавдар үүсгэх, хордуулах нөлөөтэйгөөс гадна, хожуу нөлөөллийг бие махбодийн бүтэц зүйд эсвэл үр удамд дамжиж үүсгэх хортой бодисын үйлчлэлийг химийн хүчин зүйл гэнэ.
Физикийн хүчин зүйл- Ажлын байрны орчинд ажилтны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх температур, гэрэл, механик хэлбэлзэл зэргийг физикийн хүчин зүйл гэнэ.
Сэтгэл зүй - физиологийн хүчин зүйл- Хөдөлмөрлөх явцад ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх биеийн хүчний болон мэдрэл-сэтгэхүйн ачааллыг сэтгэл зүй- физиологийн хүчин зүйл гэнэ.
Биеийн хүчний ачаалал нь динамик ба статик ачаалал, гар ажиллагаанд шаардагдах булчингийн хүч, нэг болон хоѐр гар, бүх биеийн хүчээр өргөх ачааны хэмжээ, албадмал байдалд ажиллах хугацаа зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно. Мэдрэл- сэтгэхүйн ачаалал нь хараа төвлөрүүлэх, ой тогтоох, оюуны дүгнэлт гаргах, нэг үйлдлийг давтан гүйцэтгэх үйл ажиллагаа, нэг зэрэг ажиглах объектын тоо, ажиглалтын үргэлжлэх хугацаа, ажлын нэг цагт хүлээн авах мэдээллийн тоо, сэтгэл санааны дарамт, ажлын горим зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно.
Биологийн хүчин зүйл- Хөдөлмөрлөх явцад ургамал, амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлах өвчний эх уурхай болох халдварт өвчинтэй ургамал амьтан, хүн, тэдгээрийн ялгадсаар бохирлогдсон бүтээгдэхүүн, эд юмс, эмгэг төрөгч бичил биетнүүд /нян вирус, реккетси, мөөгөнцөр, эгэл биетэн/, тэдгээрийн хор, өсгөвөр бусад бэлдмэл зэргийг биологийн хүчин зүйл гэнэ.
Хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн ба хэвийн бус гэж 2 ангилна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг тохиромжтой ба зөвшөөрөх гэж 2 ангилна.